2004 оны 5-р сарын 11-нд Silent Hill цувралын фэнүүд түүний шинэ ангийг хүлээн авлаа. Энэ удаад тэд өмнөхөөсөө ч илүү айх хэрэгтэй болжээ. Монголчууд Япон, Солонгосын аймшгийн киног мэднэ шүү дээ. Тэдний хийсэн кинонууд нь тавилт, зураг авалт, дуу хөгжмийн хувьд барууны киноноос тэс хөндлөн байдаг. Тухайлбал Солонгосын "Хиймэл үс", "Гар утас", "Хийл", Японы "Сүнстэй байшин"; Хятадын "Нүд" гэх мэтийг дурдаж болох юм. Ихэнх нь сүнс, үл ойлгогдох нууцлаг зүйлс, хүний дотоод сэтгэлийн аймшгийг хөндсөн байдаг. Ийм сонирхолтой аймшгийн киноны хэлбэрийг Холливудынхан олж хараад Япончуудтай хамтран "Сүнстэй байшин" киноны Америк хувилбарыг хийсэн нь тухайн үедээ ихээхэн амжилт олж байсан юм.Японы аймшиг нь ихэнхдээ сүнс, гаж төрхтэй үхдэл, мангас, чөтгөр байдаг. Түүнчлэн урт хар үстэй цагаан даашинзтай жаахан охин, хувхай цагаан царайтай бүлтрэх шахсан муухай нүдтэй эмэгтэйн сүнс заавал гардаг. Солонгос, Японы иймэрхүү кинонуудыг манай телевизүүд, Тэнгис кино театр өргөнөөр гаргадаг болохоор та шууд л төсөөлж байгаа байх.
Тэгвэл энэ удаад өгүүлэх Silent Hill 4 нь яг ийм төрөл жанрын тоглоом юм. Түүний албан ёсны төрөл нь адал явдал, хурц тулаан, аймшиг гэж нэрлэгдэнэ. Ер нь хүний тархинд ямар нэгэн үл ойлгогдох, тайлагдашгүй юм төсөөлөгдөх үед айдас үүсдэг юм байна. Бас гэнэтийн цочрол өгөх үед айдсын (цочих) мэдрэмж төрнө. Байгалийн хуулиар тайлбарлах боломжгүй сүнс, мангас, муу ёр гэх мэт нь та биднийг үргэлж л айлгасаар ирсэн шүү дээ. Түүнчлэн өвдөхөөс айх айдсыг кино болон тоглоом бүтээгчид өргөнөөр ашигладаг. Тухайлбал тоглоом дээр таныг (таны баатар) мөч мөчөөр нь хөрөөдөн салгавал лав л таатай байхгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл тэрхүү үйлдлийн мэдрэмж таны тархинд их бага хэмжээгээр нөлөөлж, өвдөлт үүсгэж байгаа юм.
Silent Hill 4: Өрөө нь Японы алдарт Konami фирмийн бүтээл бөгөөд таны тархи мэдрэл, нерв рүү чинь л довтлох гол зорилготой. Хамгийн сонирхолтой нь аль хэдийн 4-н цуврал анги гарчихсан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл маш алдартай, амжилттай ажиллаж байгаа төсөл гэж ойлгож болно. Хэрвээ энэхүү тоглоомын өмнөх ангиуд тоглогчдын анхаарлыг татаагүй бол Konami-ийнхан төслийг хаах байсан гэдэг нь ойлгомжтой. Тэд хэзээ ч ашиггүй юмыг хийхгүй. Хөгжүүлэгч багийг продюссер Akira Yamaoka гэгч нөхөр ахалж ажилладаг юм байна. Silent Hill цуврал нь анги болгондоо цоо шинэ түүх, цоо шинэ зүс царай бүхий дүрүүд, цоо шинэ тохиргоог санал болгодог онцлогтой. Энэ уламжлал Silent Hill4: Өрөө дээр ч хадгалагдсан.
Чи Henry Townsend хэмээх нэртэй 20 гаруй насны залуу болж хувирна. Silent Hill-ийн гадна орших Ashfield хэмээх нэртэй багавтар хотын нэгэн гудамжинд аж төрөх болно. Нэгэн сайхан өглөө тэрээр сэрээд өрөөндөө түгжигдсэн болохоо мэднэ.
Өөрөөр хэлбэл түүний өрөөний гарах ганц хаалгыг том том хүнд гинжээр гинжилж ГАРАХ АРГАГҮЙ болгосон байлаа. Хаалган дээр нь "Битгий гадагш гар!!" гэж цусаар бичсэн байх нь харагдана. Та энэ үеэс эхлэн өөрийн өрөөтэйгөө нарийн танилцаж эхэлнэ. Ингэж явахдаа өрөөний нэгэн доголд ханын доод хэсэгт жижигхэн нүх байхыг олж харна. Түүгээр хөршийн сайхан хүүхнээ (Eileen Galvin) ажиглах болно. Хэдийгээр Henry гаж донтон биш боловч ингэх нь хэний ч гэсэн сонирхлыг татах нь ойлгомжтой. Hen¬ry зүүдлээд байгаа, сэрүүн байгаагаа заримдаа ойлгохгүй байх үе ч бий. 5 дахь өдрийн өглөө сэрээд тэрээр угаалгын өрөөнд маш том хонгил нүх гарсан байхыг илрүүлнэ. Түүгээр мөлхөж гарах оролдлого хийснээр үйл явдал өрнөх болно.
Henry-ийн эргэн тойрон дахь зүйлс үнэхээр муухай, айдас төрүүлэм болно. Энэ бүхний учрыг олж ядаж байтал тэрээр өглөө сэрэх болно. Ердөө л зүүд байж гэтэл нэг л биш ээ.
Menu буюу Цэс бол ямар ч тоглоомд чухал байр суурьтай. Цэс сайн хийгдсэн бол тоглоомыг тоглох, дүрийг удирдахад их хялбархан байдаг. Энэ ангид хуучин цэс тэр чигтээ шинэчлэгджээ. Тоглогчид хоорондоо буу зэвсгээ сольж хэрэглэх, дахин цэнэглэж болно. Амины метр буюу хэмжүүр байгаа нь сонирхол татахуйц болсон. Konami яагаад ч юм энэ анги дээрээ зэвсгийн системийг өөрчилжээ. Чи одоо олон зэвсгийг нэг дор авч явах боломжгүй болсон байна. Тэрээр өөрийн өрөө рүүгээ янз бүрийн нүх хонгилоор дамжин ирэх буюу гарна.
Чи Silent Hill ертөнц рүү орох үед камер автоматаар 3-р биед шилжих бөгөөд кино үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Харин өрөөндөө орох үед 1-р бие болох бөгөөд энэ нь чи өөрийн нүдээр харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Мэдээж орчин тойрон нэлэнхүйдээ зэвүүн, муухай. Өрөөндөө ирэх тоолонд өрөө чинь муудаж, ялзарч байгаа нь мэдэгдэнэ. Тухайлбал төмөр эдлэлүүд зэвд идэгдэх бол хана туурга ч хагарч ан цав суухын сацуу элдэв ургамал ургах болно.
The Room ангийг тоглохдоо хуучны болон шинэлэг арга барилыг хослуулах шаардлагатай. Нилээд том ертөнцийг нарийн сайн шинжлэн нээхийн хажуугаар тааварлахын аргагүй оньсого мэт зүйлсийг илрүүлж, гаж дүрстэй хачин амьтдын бүхэл бүтэн армитай тулалдах болно. Гаж дүрстэй гэж энд хэлж байгаа бол үнэхээр гаж дүрстэй амьтад гэж ойлгох хэрэгтэй. Хэний ч санаанд оромгүй муухай дүрстэй хүн ч биш, мангас ч биш, чөтгөр ч биш юмнууд гарна. Үлгэр дээр гардаг 3-н толгойтой мангас эдний хажууд царайлаг гэж ойлгож болно. Тухайлбал 2 нялх хүүхдийн толгойтой, хоёр гар дээр шувуу шиг явдаг муухай амьтан гарна гэвэл ямар санагдаж байна? Хананаас гэнэт гарч ирэн чамайг хучин авах элдэв зүйлийн дүрстэй муухай сүнснүүд, асар урт хэлээ унжуулан замд тааралдсан бүхнээ тасчин хаях хэлбэр дүрс муутай галзуу нохойнууд, асар том цагаан эрвээхэй мэт мангас, хүн дүрстэй төрөл бүрийн үзэшгүй муухай чөтгөрүүдийг энд дурдах хэрэгтэй.
Харин тулалдаанууд тийм ч сүрхий биш. Чиний гол дүр болох Henry нь баатарлаг дүр биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг л жинхэнэ хүн шиг бөгөөд 20 гаран насны залуу эр хир хөдөлгөөнтэй, чадал бяраар ямаршуухан байх вэ, тиймэрхүү л гэж ойлго.
Бусад action тоглоом шиг нарийн үзүүштэй тоглолт, тулалдаан, өшиглөлт, цохилт энд нэг ч байхгүй. Henry нь зодоон цохиондоо маруухан ч юм шиг санагдаж магадгүй. Зээтүү бүхий сүх, сүнсийг няцаах тусгай зориулалттай сэлэм, гар буу зэргийг чи хэрэглэх болно. Гар буу нь цөөхөн хэдхэн сумтай сум нь хэд буудаад л дуусах бөгөөд сум маш ховор болохыг чи шууд л ойлгоно. Туршлагатай тоглогч нар дайсан руу довтолсонд орвол зугтаасан нь дээр гэдгийг юу эс андах вэ! Тэгэхгүй бол сум болон амь тань тэр дороо л дуусаж та үхэх болно. Сүнснүүд хаанаас ч хамаагүй гарч ирдгийг заавал дурдах хэрэгтэй. Сүнснүүд ихэвчлэн оюун санаа руу тань довтлох болно. Харин тэднийг Цөхрөлийн сэлэм, Номхруулагч сэлэм зэргийг ашиглан цохиж болох бөгөөд дараа нь газартай шорлон хатгах хэрэгтэй. Тэд шорлуулах боловч хэзээ нэгэн цагт заавал гарч ирж чамайг цочоодог юм.
Галт бамбар энэ тоглоомд чухал нөлөөтэй. Хэдийгээр түүнийг зэвсэг мэт хэрэглэж болохгүй ч аливаа зүйлийг нарийвчлан үзэх, судлах, харанхуйг өрөөг гэрэлтүүлж сүнсийг илрүүлэхэд тусална. Hen¬ry эцсийн эцэст сүнсийг устгах чадвартай мөнгөн сум олж авах болно.
3-н төвшин болгон давтагдашгүй өөр өөр юм. Ой шугуйн ертөнц нь харанхуй бөгөөд манангаар байнга хучаастай. Тоос шороотой зам, хатсан өгөр моднууд, жижиг овоохой, урц, хайс хашлагыг олж харж болно. Харин Усан шоронд өрнөх үйл явдал нь дотор гадаа хослох болно. Henry дээшээ шатаар өгсөх бөгөөд давхар болгонд ямар нэгэн юм болох учиртай. Барилгын өнгө төрх, хийц загвар нь онцын анхаарал татах юмгүй боловч дотор нь өрнөх үйл явдал онц гайхалтай. Гайхалтай ч гэж дээ, аймаар, заваан, муухай. Тухайлбал өрөөнүүдээр явж байхад хананаас ямар нэгэн муухай сүнс өөрийг нь гинжилсэн гинжнээс мултарч ядан байхад нь чи өнгөрөн явах ёстой. Гэхдээ хурдтай гүйж болохгүй. Ингэх аваас тэд чамайг газар унатал маш хүчтэй цохих учир зөөлхөн алхаж явсан нь дээр байх.
Тоглоом дээр Eileen хэмээх сонирхолтой дүр гарна. Тэрээр тоглоомын хаана ч, хэзээ ч хамаагүй гарч ирэх бөгөөд үйл явдалтай холбогдох болно. Chang яагаад гэдгийг тайлбарлаж чадахгүй боловч тэрээр гэмтэл бэртэл авч зодуулсан шинжтэй байна. Бага зэрэг сэмэрхий улаан богино юбкатай, дур булаам бүсгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүний хамгийн сайн тал бол тулалдаж чадах явдал юм. Тухайлбал Ой шугуйн хэсэгт та хоёр гараараа гинжлэгдэх боловч Eileen та хоёр руу довтолсон дайснуудтай тулалдах болно. Гартаа барьсан гинжээрээ дайснуудыг оновчтой довтлон цохих нь тун сайхан харагдана.
Silent Hill цувралын хамгийн гол зэвсэг бол нууцлаг зүйлсийн учир начрыг олох явдал байдаг. Ёстой л урьдчилан таахын аргагүй зүйлсийн учрыг олох ёстой гэдгийг шууд хэлье. Гарах хаалганы түгжээ, элдэв оньсон төхөөрөмжүүд, сүнс мангасыг устгах тусгай арга, буу зэвсэг олох гэх мэт есөн шидийн нууцуудыг олж илрүүлнэ.
Silent Hill 4: Өрөө нь PlayStation 2, XBox, PC зэрэг платформууд дээр ажиллаж чадна. Чамд аль нэг нь байгаа гэдэгт найдаж байна. Аймшгийн тоглоомууд дотроо хамгийн нэр хүндтэй, онцгой өвөрмөц төрөл жанрын энэ тоглоом таныг уйдаана гэж байхгүй.
ЗААВАЛ МӨРДӨХ АЛТАН ДҮРМҮҮД
Дараах энгийн зөвлөгөөнүүдийг сайтар дагавал тоглоомыг тоглоход хялбархан байх болно.
1. Бүх дайсантай тулалдах хэрэггүй. Энэ бол хамгийн эхний бөгөөд заавал мөрдөх дүрэм юм. Хичнээн хялбархан алчих юм шиг санагдсанд ч заримдаа довтлох хэрэггүй шүү. Үхдэл мэтийн чөтгөрүүдийг хичнээн ч цохисон алж болохгүй учир хаяад зугтаасан нь дээр байдаг.
2. Хэрвээ олон дайсантай зэрэг тулах болбол зөвхөн заримыг нь ончлох хэрэгтэй. Тэгээд устгаж дөнгөсөн бол үлдсэнээс нь шууд зугт. Хэрвээ тэд чамайг хөөгөөд байвал нэг бол тэднийг угтан тулалд, эсвэл зугтааснаараа л зугтаа.
3. Үхдэл, Walter мэтийн зарим чөтгөрүүд үхнэ гэдгийг мэдэхгүй. Тэд угаасаа үхчихсэн юм чинь дахин дахин үхнэ гэж юу байх вэ дээ! Иймээс тэднээс аль болох зугтааж явсан нь дээр юм. Тэднийг хөлдөөх, зогсоох л боломж бий.
4. Gum Heads (Наалдсан толгойт) мэтийн мангасууд чиний авч яваа үнэт зүйлсийг хулгайлах чадалтай. Иймээс түүнтэй учирсны дараа эд зүйлсээ бүртгэж байхаа мартав аа.
5. Амь сэргээх зүйлсийг нандигнан хайрлах ёстой гэдгийг хатуу санаж ав. Нэг дор бүгдийг эсвэл тоглоомын эхэнд ховдоглон хүртэх хэрэггүй. Сүүлд нь хэрэглэх чухал үе зөндөө тохиолдоно.
6. Golf Club-ын зэвсэг мэтийг бүгдийг авч явах хэрэггүй. Тэд нэг их хэрэг болохгүй мөртлөө чиний ачааг дор нь дүүргэдэг.
7. Сумаа нүдний цөцгий мэт хайрла гэдэг нь ойлгомжтой. Тэд мангасуудыг айвхтар их сүйтгэж чадахгүй мөртлөө маш ховор байдаг. Иймээс ган турба мэтийн хүйтэн зэвсэг л чиний аминд орох байх даа. Гэвч чиний амь дээсэн дөрөөн байгаа бол чөтгөрүүдтэй тулсанд орвол зайнаас буудсан нь л дээр байдаг.
8. Дайсныг дэвсэл! Аливаа дайсныг хэд хэд цохьсны дараа тэд газар унадаг. Тэр дор нь дэвсэл. Тэд шууд үхэх болно. Нэг л дэвслэхэд хангалттай.
9. Дайсан руугаа довтлохын өмнө хоорондын зайгаа сайтар баримжаалах хэрэгтэй. Жишээ нь Sniffer Dog (Шиншлэгч нохой) нь довтлохын өмнө биеэ хурааж чам руу харах болно.
10. 120 буюу түүнээс дээш тооны дайсанг устгавал 10 од бүхий үнэлгээ авах болно.
11. Сүнсэн үхдэлүүдтэй тулалдахдаа Saint Medallion (Гэгээнтний Хүзүүний зүүлт)-ийг байнга хэрэглэ. Энэ нь сүнсний үлээлтээс хамгаалах болно.
12. Зөвхөн үхдэл-05, үхдэл-15 нартай хэзээ ч тулалдахгүй байх хэрэгтэй. Үхдэл-15-тай уулзах үед тэр чамтай тулалдах биш харин эцсийн боссыг устгахад чамд туслах болно.
13. Sword Obedience (Номхруулагч илд)-ийг ашиглан сүнсийг шорлох заримдаа маш хэцүү байдаг. Тэднийг унатал балбах хэрэгтэй. Тэднийг унагахгүй л бол тэд нисээд л хөвөөд л байдаг.
Зарим чөтгөрүүдийн тухай
Sniffer Dogs (Шиншлэгч нохойнууд)
Хаана байдаг: Хаа сайгүй, тоглоомын эхний хагаст
Хамгийн зохистой зэвсэг: Зэвт сүх, Дөжрөөх буу, Хүрз
Довтолгооны үзүүлэлт:
2/5
Хурдны үзүүлэлт:
4.5/5
Цохилт даах чадвар:
2/5
Тодорхойлолт:
Шиншлэгчид бол нохой шиг биетэй асар урт хэлтэй мангас маягийн амьтан юм. Хэлээ амьтанд шууд зоон цусыг нь сордог бөгөөд эр шиншлэгч нь эмээсээ сул дорой байдаг. Эр нь шаравтар биетэй бол эм нь ягаавтар өнгөтэй. Эм нь илүү түрэмгий бөгөөд чиний өвдөг рүү цоройн довтолж чадна.
Стратеги:
Тэд үргэлж бүлгээрээ явдаг. Иймээс тэднийг аль болох ганц ганцаар нь салгаад цохиж алах хэрэгтэй. Тэдний хажууд гүйх хэрэггүй. Гүйвэл тэд илүү догшин болдог. Тэднийг унасны дараа заавал дэвсэх хэрэгтэй.
Hummers
Хаана байдаг: Ой шугуйн ертөнц
Хамгийн зохистой зэвсэг: Шавьж цацагч, бусад бүх зүйл
Довтолгооны үзүүлэлт:
1/5
Хурдны үзүүлэлт:
3.5/5
Цохилт даах чадвар:
1/5
Тодорхойлолт:
Тэд сарьсан багваахайтай төстэй юм. Тэд үргэлж бүлгээрээ нисэх бөгөөд хурц соёогоороо чиний биеийг зулгаах болно. Ер нь бол сул дорой амьтан гэж болно.
Стратеги:
Тэднийг ганц л цохилтоор устгаж болно. Ган труба мэтийн хурдтай зэвсгүүдийг ашиглах нь хамгийн тохиромжтой юм. Тэднийг унангуут дэвслэхээ мартаж болохгүй. Тэдэнтэй байнга зууралдан тулалдах хэрэггүй.
Wall Men (Ханын хүн)
Хаана байдаг: Метроны ертөнц, Усан шорон
Хамгийн зохистой зэвсэг: Зэвт сүх
Довтолгооны үзүүлэлт:
3.5/5
Хурдны үзүүлэлт:
3/5
Цохилт даах чадвар:
3/5
Тодорхойлолт:
Тэд хананаас гинжлэгдэн үхсэн хүмүүс юм.
Стратеги:
Тэднийг зүгээр л цохиод байх хэрэгтэй. Гэвч тэд аль хэдийн үхсэн гэдгийг санаж тэднээс аль болох холуур өнгөрвөл зүгээр. Тэд хананаас гинжлэгдсэн учир чамайг дагаж чадахгүй.
Gum Heads (Наалдсан толгойт)
Хаана байдаг: Барилгын ертөнц
Хамгийн зохистой зэвсэг: Зэвт сүх, Дөжрөөх буу
Довтолгооны үзүүлэлт:
3-3.5/5
Хурдны үзүүлэлт:
3-3.5/5
Цохилт даах чадвар:
3-4/5
Тодорхойлолт:
Мэдрэл муутай энэхүү сармагчин маягийн чөтгөр нь мутацид орсон бие хаатай билээ. Ихэнхдээ үсэрч явах бөгөөд муухай дуугаар инээдэг. Хэрвээ өрөөнүүдийн хаа нэгтээ инээх дуу сонсогдвол тэр тэнд байна гэсэн үг. Тэрээр таахын аргагүй довтлохын сацуу бултаж чаддаг гэдгийг анхаараарай.
Стратеги:
Charge довтолгоо нь тэднийг амархан буулгаж авдаг. Хурднаасаа илүү хүнд зэвсэг тохиромжтой. Тухайлбал балт сүхээр амархан унагах бөгөөд дэвсээд л гүйцээ. Тэдэн рүү гүйц очин довтлох нь зүгээр. Тэгэхгүй бол тэд чам руу довтлох эсвэл хачин муухайгаар инээгээд байх болно. Үзэн ядмаар муухай амьтад. Зөвхөн эд л чиний ачааг хулгайлж чадна. Иймээс ачаагаа алдахаас болгоомжил.
Victim-07+08 (Үхдэл)
Хаана байдаг: Усан шоронгийн ертөнц, Өрөө 302-ын гадна
Хамгийн зохистой зэвсэг: Зэвт сүх, Дөжрөөх буу, Зээтүү, Хүрз
Довтолгооны үзүүлэлт:
4/5
Хурдны үзүүлэлт:
3.5-4/5
Цохилт даах чадвар:
4/5
Тодорхойлолт:
Тэд бол 07121, 08121 дугаар бүхий үхсэн хүмүүс юм. Тэднийг энэ тоглоомын хамгийн том босс болох Walter алаад чөтгөр болгосон нь тэр ажээ. Тэд хурдан гүйх боловч эргэхдээ тааруухан. Том хар цув бүхий түүнийг сайн ажиглавал хос нүүртэй байх бөгөөд 2 гар дээрээ шувуу шиг явдаг.
Стратеги:
Charge довтолгоо хийгээд л дэвслэх хэрэгтэй. Томоохон өрөөнд дайралдвал тулалдахаас илүү гүйх хэрэгтэй. Орон зайг сайн мэдэрч чадвал түүнийг устгах боломжтой.
Victim-04 (Үхдэл)
Хаана байдаг: Хаа сайгүй
Хамгийн зохистой зэвсэг: Номхотгогч илд, Гэгээнтний зүүлт, Ариун лаа, ГҮЙХ
Довтолгооны үзүүлэлт:
3.5/5
Хурдны үзүүлэлт:
3/5
Цохилт даах чадвар:
3/5
Тодорхойлолт:
Бизнесийн ертөнцөд Steve Gar¬land хэмээх амьтны дэлгүүрийн эзэн байлаа. Тэрээр сүнснүүд дотроос ганцаараа зэвсэг хэрэглэдэг юм. Хүрзээр далайн цохиход тун ч эвгүй юм болно доо. Ертөнц болгонд гарч ирэх бөгөөд цочоохдоо тун гаргуун. Хувхай цагаан арьстай, хөх цамцтай ажээ.
Стратеги:
Гүй! Гэхдээ түүнийг устгахгүй л бол дахин дахин гарч ирнэ. Иймээс ухаан алдуулж унагаж чадсан бол 5-н Номхотгогч илдээр нэвт сүлбэх хэрэгтэй. Ингэж чадвал дахин гарч ирэхгүй.
Victim-10 (Үхдэл)
Хаана байдаг: Хаа сайгүй
Хамгийн зохистой зэвсэг: Номхотгогч илд, Гэгээнтний зүүлт, Ариун лаа, ГҮЙХ
Довтолгооны үзүүлэлт:
3/5
Хурдны үзүүлэлт:
4.5/5
Цохилт даах чадвар:
3/5
Тодорхойлолт:
Өмнөд хэсэгт орших баарны эзэн Eric Walsh сүнс болжээ. Тэр аль хэдийн Номхотгогч илдээр цээжээ нэвт сүлбүүлчихсэн байх бөгөөд тэр чигээрээ явж байх юм. Хар цув, ногоон цамцтай. Хурдан хөдөлгөөнтэй бөгөөд дунд зэргийн гэмтэл учруулах чадвартай.
Стратеги:
Сандрах хэрэггүй. Түүний цээжинд зоолттой байгаа илдийг суга татан ав.
Victim-14 (Үхдэл)
Хаана байдаг: Хаа сайгүй
Хамгийн зохистой зэвсэг: Номхотгогч илд, Гэгээнтний зүүлт, Ариун лаа, ГҮЙХ
Довтолгооны үзүүлэлт:
3.5/5
Хурдны үзүүлэлт:
3.5/5
Цохилт даах чадвар:
3/5
Тодорхойлолт:
Toby Archibold бол шидтэн сүнс юм. Ямар нэгэн бор шаргал цамц, хар цувтай. Дажгүй хурдтай нисэх бөгөөд багагүй гэмтэл учруулж чадна.
Стратеги:
Ямар нэгэн хийх зүйл байхгүй. Зүгээр л зугт. Тулалдах гэж оролдсоны ч хэрэггүй. Тэр тусмаа Номхотгогч илдийг хэрэглэж огт болохгүй.
Victim-18 (Үхдэл)
Хаана байдаг: Усан шоронгийн ертөнц 2
Хамгийн зохистой зэвсэг: Номхотгогч илд, Гэгээнтний зүүлт, Зэвт сүх
Довтолгооны үзүүлэлт:
4.5-5/5
Хурдны үзүүлэлт:
4/5
Цохилт даах чадвар:
5/5
Тодорхойлолт:
Andrew Desalvo-ийн сүнс нь үнэхээр хүчирхэг ажгуу. 18121 гэсэн дугаартай тэрээр маш бүдүүн, том биетэй юм. Ямар нэгэн үзэн ядмаар муухай дуу гиншигнэн дуулах нь үнэнхүү заваан.
Стратеги:
Номхотгогч илдийг ашиглах нь хамгийн зөв. Эхлээд Мөнгөн сумаа ашиглах хэрэгтэй. Хэрвээ чиний хажууд Eileen бүсгүй байвал байдал бүр ч амар.
Walter Sullivan (Эцсийн босс), "Шидтэн"
Хаана байдаг: 302 өрөөний гадна, Мөргөлийн хэсэг
Хамгийн зохистой зэвсэг: Зэвт сүх, Балт сүх
Довтолгооны үзүүлэлт:
5/5
Хурдны үзүүлэлт:
5/5
Цохилт даах чадвар:
5/5
Тодорхойлолт:
Хамгийн сүүлийн тулалдаан эхэлж байна. "Би 21 мөргөлийн зан үйлийг дуусгах ёстой" гэж тэрээр хэлнэ. Ер нь түүнд сонирхоод байх зүйл бараг байхгүй. Харин тэр гар буу, ган труба зэргийг чиний эсрэг хэрэглэх болно.
Стратеги:
Бараг л бүхий л зэвсгээ авчраарай. Гэхдээ Балт сүх байвал тун зүгээр. Түүнийг гартаа барьсан байхад тэр чамайг цохиж чадахгүй. Харин Umbilical Cord (.. Дээс) байхгүй бол түүнийг ялна гэж байхгүй.
Silent Hill тоглоом кино болсон тухай
Сүүлийн үед кино бүтээгчид киногоо давхар тоглоомтой нь цуг үйлдвэрлэдэг болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл эсрэгээр алдартай тоглоом кино болох нь бий. Үүний сонгодог жишээ нь кибер хүүхэн Lara Croft юм. Tomb Raider хэмээх тоглоом нь хэдэн жилийн дараа кино болж бас л нилээдгүй амжилтад хүрсэн билээ. Тэгвэл энэ удаад Silent Hill тоглоом маань кино болжээ. Найруулагч Christophe Gans (Кристоф Ганс) тоглоомд нугасгүй нэгэн. Тэгээд ч алдартай бүх л төрөл жанрын тоглоомоор тоглох дуртай гэнэ шүү. Тэр тусмаа учир нь үл ойлгогдох тоглоомуудыг тоглох дуртай бөгөөд яагаад ч юм Silent Hill-д татагдан орсон гэдэг.
Кинонд залуу охин Sharon-ы зүүдээр эхэлнэ. Тэр бол шөнө зүүдэндээ явдаг зуршилтай охин байлаа. Түүний ээж охиноо олж авах үед охин нь уйлан "Silent Hill, Silent Hill" хэмээн чангаар хашгиран байх ажээ. Нууцлаг нэгэн хотод юу болоод байгаа нь ойлгогдохоо байжээ. Гэвч ээж энэ бүхнийг тэвчихээс өөр аргагүй байдалд орно.
Киноны Trailer буюу танилцуулга видеог энэ дугаарын дагалдах CD дээрээс олж үзээрэй.
Зургийн галлерей:
Видео Трайлер:
| NBA Street Homecourt | Counter Strike-ийн тухай |
|---|

бичсэн Зочин , 2009-06-12-ны 09 цагт бичигдсэн.
бичсэн Redsun , 2010-02-04-ны 10 цагт бичигдсэн.
бичсэн shinejil , 2010-02-19-ны 02 цагт бичигдсэн.
nadad tuslaach














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
