Силикон хөндийн ЗУРААЧ:
Алдарт Apple-ийг үндэслэгч Стив Вознякийн тухай
2007 оны намар Apple компанийг үндэслэгчийн нэг Стив Вознякийн дурсамж "iWoz: Компьютерийн хорхойтноос түмний шүтээн болсон нь" (iWoz: From Computer Geek to Cult Icon) нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Олон хүний хувьд Возняк нь зөвхөн компьютерт дурлагч гажигтан-бүтэлгүй амьтан төдий хүн биш билээ. Тэрээр Силикон хөндийн түүхэнд өнөөгийн Apple компанийн тэргүүн Стив Жобстой ижил байр суурийг эзэлнэ. Уг номд нэгэн ухаантан /Возняк/ болон нэгэн ажил хэрэгч /Жобс/ хоёр залуу дэлхийн түүхэнд хамгийн анхны видео тоглоом, хамгийн анхны ширээний компьютерийг бүтээсэн тухай өгүүлжээ. Дараа нь хоёрдох нь эхнийхээ мэхэлсэн гэж Стив Возняк үзэж байна. Одоо юу бодож байгаа, ямар ажил хийж байгаагаа тэрбээр ийн өгүүлэв.Уулзах газрыг Возняк сонгосон: бусдаас ялгарах зүйлгүй Калифорни мужийн /ярилцахад тийм ч тохиромжтой гэж санагдахааргүй газар аж. Өнгөрсөн зууны 50-иад оны жирийн нэг нийтийн хоолны газар мэт интерьер, бетонон хана: доторх талбайг цэнхэр болон ягаан пластик хавтангаар хийсэн ханануудаар тусгаарлажээ. Харин Стив Возняк энд яг л гэртээ байгаа мэт тухлах ажээ. Тэрээр энд найз нартайгаа сууж тетрис тоглоно - тэд бүгд гар гартаа алганд багтах хэмжээний бяцхан компьютер барьжээ.
Тэд намайг шууд л асуултаар бөмбөгдөж эхэлсэн юм: "Возняк дэлхийн тетрисийн аварга гэдгийг чи мэдэх үү? Чи брейкаут тоглож үзсэн үү?" энэ тоглоомыг тэрээр 70-аад оны эхээр Atari компанид зориулж, дэлгэц дээрх бүх цэгийг зөв байршуулахын тулд зохион бүтээсэн юм. Үүнд тэрээр дөрвөн өдөр, дөрвөн шөнийг зарцуулсныг >мэдэх үү? "Микросхем доторх бүх утсыг ээлж дарааллаар нь байлгахын тулд барина: нэг, тэг, нэг тэг... гэх мэтээр". Тэрээр 1976 онд тухайн үеийнхээ сүүлийн арван жилийн хамгийн гайхамшигтай инженерийн ололт гэж олонд нэрлэгдсэн Apple II компьютерийг бүтээсэн билээ. Энэхүү загвар нь өнөөгийн бидний амьдралыг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон орчин үеийн ширээний болон зөөврийн компьютерийн эх загвар болсон.
Бидний ярилцлагын шалтгаан нь Вознякийн бичсэн дурсамж ном байсан юм. Шударга ярих юм бол тэрээр өөрөө ярьж, харин түүний танил, сэтгүүлч эмэгтэй Жин Смитийн бичсэн дурсамж юм. Үндсэн хэсгийг бэлтгэхийн тулд Смит тэр хоёр тасралтгүй тавь илүү хоног ажилласан хэмээн Возняк ярьсан юм. Силикон хөндий дэх Жобс тэр хоёрын харьцааны тухай Вознякын яриа Стив Жобст ямар санагдсан бол? "Тэр түүнийг уншиж үзээд өөрийг нь усан тэнэг болгон үзүүлсэн байна гэж бодсон байх", - гэж Возняк хариулсан юм. Тэр яагаад тэгж ярьсан нь ойлгомжтой. Номд Брейкаутыг бүтээхээр ажиллаж байсан Вознякын нойргүй хоносон шөнүүд, харин түүний худалдааны төлөөлөгч болсон Жобсын Atari компаниас бүтээлийнх нь төлөө төлсөн 700 долларын хагасын тухай өгүүлсэн байдаг. Хожим тодорхой болсноор Atari компани түүний бүтээлийн төлөө хэдэн мянган доллар төлсөн байсан байдаг, Вознякын бодлоор бол Жобс илүүг нь зүгээр л "дэлсчихсэн" хэрэг ажээ. Возняк найзыгаа юу гэж бодох бол, гэж огт бодоогүй бололтой, түүний тухай санаж явдаг бүхнээ ярьсан шиг байв. "Apple компанид хамт ажиллаж байсан үеэ дурсан тэрээр - Стив Жобс тун адармаатай ааштай хүн. Тэр бас тэвчээр барагдам зантай. Жишээ нь, хурлын танхим руу зүв зүгээр орж ирснээ: "Энэ бүгд чинь хог новшнууд. Та нар хэлснийг минь хийгээгүй байна, та бүхэн бүгд тэнэгүүд", - гэж загнана.
Дараа нь Возняк яриагаа арай зөөлрүүлсэн юм: "Би номондоо Стив Жобсын тухай сайн үг хэлсэн гэдэгт итгэлтэй байна, гэхдээ зүгээр л одоо тэднийг санаж чадахгүй байна". Харин ном хэвлэгдэн гарсны дараа түүний хэсгээс, ялангуяа Жобсын талаар өгүүлсэн хэсгээс ишлэл аван энд тэндгүй тараах болсонд харамсдаг ажээ. Үйлчлэгч бидэнд гуравдахь удаагаа цай аягалсан нь, нэгэнт хоол захиалах цаг болсныг сануулсан хэрэг болсон юм. Би төрөл бүрийн хачиртай, том порцтой хавирга захиалах болов. Харин Возняк нимбэгтэй бялуу захиалсан боловч тэр нь байхгүй байсанд үнэн сэтгэлээсээ харамсав, тэгээд тэрээр тоортой бялууг сонгосон юм.
Уулзалтын үед Возняк харьж яваа рок-од шиг санагдаж байсан - алдар хүндийн оргилд байсан үеэ дахин сэргээх эрмэлзлэл түүнээс хүчтэй илэрч байлаа. Бидний уулзалтын эхний нэг цаг болон түүнээс ч илүү хугацаанд тэрээр өөрийн залуу цагийн электроникийн төслүүдийн тухай жаахан ч гэсэн зүйлийг үл орхин ярьсан юм: эсэргүүцэл, анивчин улалзах гэрлүүд болон 11 настай байхдаа гагнасан микросхемүүд гэх мэт. Тэрээр төрөлхийн инженер ажээ. Яагаад Apple бүр анхнаасаа персональ компьютерийн салбарын тэргүүлэгч нь болж чадаагүй юм бэ, гэсэн асуултыг бизнесийн сургуулийн ямар ч оюутанд тавьсан ингэж хариулах байх: компани өөрийн технологийг бусад үйлдвэрлэгчдэд худалдахгүй гэсэнд л хамаг учир байгаа юм. Ийм учраас л IBM PC загварын бүх компьютеруудад зориулсан програм хангамж үйлдвэрлэснээрээ Microsoft компани хожсон юм, хэмээн товхитол хариулах байх. Вознякын хувьд асуудал энд биш, харин Apple II компьютерийн дараа гарсан түүнийг залгамжлагч машинуудад илэрсэн инженерийн алдаа согогт байсан гэнэ. Вознякын бодлоор бол түүний компьютер электроникийн алтан үеийн ололт амжилтын дээд цэг болсон ажээ. Энэ бол компьютерийн түүхэн хөгжлийн явцыг ганцхан хүн өөрчилж чадсан тэр үе байсан юм. Тэр үед тийм боломж байсан юм бол дараагийн жилүүдэд яагаад технологийн дахин сэргэлт болсонгүй вэ? "Бид зүгээр л компьютер бүтээгээд байна. Гэтэл технологиос илүү чухал үүрэгтэй хүний тухай бодохгүй байна", - хэмээн тэр хэлсэн юм. Түүнийхээр бол, харин дараа нь алдаанууд илэрсэн, муу боловсруулагдсан програм болон машинууд, ингээд бүгд өөрчлөгджээ.
"Хүн болон машины хоорондын төгс зохицол гэсэн энэ томьёог Apple компани бусдын адил алдсан гэдэгт би маш итгэлтэй байна" - хэмээн тэрээр хэлсэн юм. Юу нь буруу болчихсон гэж? Вознякын бодлоор бол инженерүүдийн оронд бизнесмэнүүд ирсэнд л хамаг учир байгаа ажээ. Гэтэл компьютерийн тухай ярианд бизнесийн сул тал ямар хамаатай байдаг билээ? "Сайтар шалгаж нягталсан, нямбай, үндэслэлтэй сорилт алга. Сайн үйлчилгээ алга. Бизнес ердөө л ийм голдиролд орсон", - гэдэгт тэрээр итгэлтэй байна. Хоол авчирч өглөө, хавирга нь маш амттай байсан. Харин хачрууд - шарсан эрдэнэшиш, хуурсан буурцаг зэрэг нь - зөөлөн хэлэхэд хоолой давахгүй эд байлаа. Энэ үед би өөрийнхөө ярилцагчийн захиалсан тоортой бялууны том том зүсмийг атаархан харж суусан юм.
Возняк өөрийн хувьд чухал сэдвийг цааш үргэлжлүүлэн: энэ бүх түүхийн туршид инженер бол - ганцаардсан баатар байсан юм. Энэ бол "толгойд нь санаа орж ирэх л юм бол түүн дээрээ өөрийгөө зовоон зовоон алжаах ядрахыг үл мэдэн ажилладаг хүн". Өнөөг хүртэл олон хүнийг Силикон хөндийд соронз мэт татсаар буй энэхүү төгс ертөнцөд инженер-баатар бол түүний гол зураач нь гэсэн үг. "Үзэл санаа бол миний биеийн хэсэг болох ёстой, - гэж Возняк өгүүлсэн юм. - Энэ бол жинхэнэ урлаг. Үзэл санаа толгойд ороод ирэх юм бол би түүнийг эцэст нь хүртэл төгөлдөржүүлдэг. Apple II компьютерт диск тоглуулагч хэрхэн хийснийг би санаж байна. Хоёр долоо хоногийн туршид, өдөр бүр үүрийн дөрвөн цаг хүртэл унтах нойроо хасан түүнийг төлөвлөж байв. Эцэст нь би ойлгосон, хэрэв би микросхемийг өөрөөр хийсэн бол найман нүхний оронд таван нүх гарах байв. Тиймээс би бүгдийг дахин шинээр эхлүүлсэн. Хэрэглэгч нүхийг харахгүй болсон. Харин надад энэ нь маш чухал байсан. Энэ бол миний биеийн нэг хэсэг. Энэ бол яг л миний бие организмтай адилхан, тийм механизм. Тиймээ, энэ бол бүгд яг тэгж төгс ажилладаг байсан тийм үе".
Тэрээр өөрийн амьдралыг домог болгосон хүн шиг надад санагдсан. Гэхдээ энэ нь бидний хувьд ердөө л санаанаас зохиосон зүйл мэт санагдаж болох, тэгвэл толгойдоо сайн үзэл санаа тээсэн инженер ертөнцийг өөрчилж болно гэдэг мөрөөдөл Силикон хөндийд өнөөдрийг хүртэл оршсоор байна. Аварга том компьютерийн аж үйлдвэрлэлийн салбарын чиглэл хандлагыг мэдээж мөнгө тодорхойлно, гэхдээ тэдгээр нь дараагийн үеийн инженер-баатруудын мөрөөдөлд саад болж чадахгүй. "Шинэ зүйлийг бодож, олохын тулд л хүний оюун ухаан оршиж байгаа юм, - хэмээн Возняк ярьсан юм. - Энэ бол бидний төрөлхийн сониуч зангийн л хэсэг юм. Дэлхий ертөнцийг эрс өөрчлөх чадвартай үзэл санаа хаана ч, хэзээ ч төрж болно, би эсвэл өөр хэн нэгэн үүний төлөө мөнгө төлөх ч алба байхгүй". Өнөөдөр энэ буухиа Google-д шилжжээ. Харин Вознякийн хувьд түүний алтан үетэй харьцуулах юу ч үгүй ажээ. Apple компаниас явсны дараа Вознякаас бүтэлтэй зүйл гарсангүй: шинэ зарчмын алсын удирдлагын пульт бүтээсэн ч, бүтэлтэй юм болсонгүй; жаахан хүүхэд, гэрийн тэжээвэр амьтдын хөдөлгөөнийг хянах зориулалттай жижиг хэмжээний электрон датчик бүтээсэн нь ч амьдрал дээр хэрэгжсэнгүй. Тэрээр шинэ бүтээлээ танилцуулагч, хүмүүнлэгийн үйлстэн (найман жилийн турш) болон багш байсан он жилүүдийнхээ тухай дуртайяа ярьж өгнө, гэхдээ тэрээр өнөөг хүртэл өөрийн эхлүүлсэн персональ компьютерийн салбар дахь шинэ хувьсгалын тухай мөрөөдсөөр. "Apple компанид ямар нэг зүйл хийх хүсэл надад байсаар л байгаа, гэхдээ энэ нь Стив Жобст таалагдана гэж би бодохгүй байна".
Бидний яриа төгсгөлдөө орж, бид хамтдаа кафены өмнөх талбайд орших автомашины зогсоол руу гарч ирсэн юм. Аливаа шинэ техник технологид үнэн сэтгэлээсээ дурлагчийн хувьд Возняк авто тэнцвэржүүлэгчийн систем бүхий хоёр дугуйтай Segway мотоциклоо унаад давхин одсон юм. Төрөлхийн инженер хүнээс өөр юу ч хүлээх билээ дээ!
| Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)

Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
